Бид “Virtual Panel Series” цувралын 6-р сарын дугаарыг монгол хэл дээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын сэдэв “Сансар судлал”. Энэ удаагийн дугаарт гурван илтгэл тавигдах бөгөөд дараа нь үзэгчдийн асуултанд хариулна. Илтгэл №1. "Мазаалай хиймэл дагуул" Др. Д.Эрдэнэбаатар, МУИС, ШУС, Нано хиймэл дагуул хөгжүүлэх лаборатори
Абстракт: Мазаалай хиймэл дагуул нь 2017 оны 7 сарын 7-нд задгай сансарт гарч ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 5 сарын 12-нд үүргээ гүйцэтгэж дууссан байдаг. Уг төслийн үндсэн зорилго нь сансрын технологийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх байсан. Одоо төсөл дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд МУИС-д ажиллангаа хоёр дахь хиймэл дагуул Тэмүүлэл дээр ажиллаж байна.
Илтгэл №2. "Сансрын тээвэрлэгч пуужингийн технологи ба Монгол улсад хөгжүүлэх боломж" Б.Энхтайван, Бага оврын судалгааны туршилтын пуужингийн төсөл, Франц улсын ISAE-ENSMА
Абстракт: Сансарт гарах гарц өөрчлөгдсөөр байна. Хиймэл дагуулууд, сансрын аппаратуудын хэмжээ жил ирэх тутам жижгэрч улмаар тэдгээрийг сансарт хөөргөх зардал буурч шинээр үүсч буй болон одоогийн тоглогч нарт цоо шинэ боломжуудыг олгосоор байна. Дөнгөж 21-р зуун гараад удаагүй байх үед сансрын уудамд гарцтай хэдхэн улс байсан бол өнөөдөр шинээр бий болж буй хувийн компаниуд, шинжлэх ухааны байгууллагууд, арилжааны байгууллагууд гэх мэт олон салбар, улсуудад нээлттэй болжээ. 40 жилийн өмнө бид өндөр хөгжилтэй улсын ач тусаар сансарт нисч, эрдэм шинжилгээний ажлууд явуулж байсан бол өнөөдөр өөрсдийн нөөц бололцоо, боломжийг ашиглан хөгжлийн шинэ цаг үетэй дахин мөр зэрэгцэн явах нь зүй ёсны хэрэг юм. Монгол улс нь сансрын тоглогч байх ёстой. Сансрын шинэ өрсөлдөөнд өөрийн улсыг оруулж, техник технологийн тогтвортой хөгжлийг эх орондоо бий болгох замаар сансрын тээвэрлэгч пуужингийн технологийг хөгжүүлэх нь Монгол улсын эдийн засаг болон шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшил, инновацид хүчтэй түлхэц өгөх мөн дэлхийн сансрын зах зээлийн сувгийг эх орондоо төвлөрүүлж, сансрын технологи дээр суурилсан эдийн засгийн шинэ урсгалыг нээх боломжтой болох юм.
Илтгэл №3. "Олон улсын сансрын станцын тухай" Ч.Амаржаргал, ШУА, Одон орон геофизикийн хүрээлэн
Абстракт: ОУСС нь 1998-2011 оны хооронд баригдсан бөгөөд өмнөх станцын туршлагаа ашиглан 16 орон бүтээн байгуулалцсан. Илтгэлээр ОУСС-ын техникийн үзүүлэлт, 1998 оноос одоог хүртэл ашиглаж байгаа олон улсын сансрын станцын бүтэц бүрэлдэхүүн, үүрэг судалгааны тухай товч тайлбарлана.
Илтгэгчдийн тухай:
Д.Эрдэнэбаатар 2009 онд МУИС-ийн ФЭС-ийг Физик Электроник мэргэжлээр төгссөн. 2017 онд Японы Кюүшүгийн Технологийн Институтэд Сансрын технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Одоо МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимд ажиллаж байна. Япон улсад суралцаж байх хугацаандаа 2015-2017 онуудад Мазаалай жижиг оврын судалгаа шинжилгээний зориулалттай хиймэл дагуулын төсөл дээр ажилласан.
Б. Энхтайван 2009 онд Канад улсын Бритиш Колумбын Технологийн Институтыг Агаарын хөлгийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. 2015 онд ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийг Нисэх техникийн механик инженер, 2018 онд Франц улсын Агаар Сансрын Дээд Институтыг Агаар-сансрын хөдөлгүүрийн инженер мэргэжлээр (Магистр, M.Sc) төгссөн. 2009-2015 онд МИАТ ХК-д агаарын хөлгийн ашиглалтын инженер, 2017-2018 Франц улсын үндэсний эрдэм шинжилгээний төв CNRS, Тэсрэлтийн хөдөлгүүрийн асаалтын судалгаа, 2018 оноос эхлэн Швейцар улсад, агаарын хөлгийн гэрчилгээжүүлэгч инженер мэргэжлээр ажиллаж байгаа. Мөн 2019 оноос эхлэн Бага оврын судалгааны туршилтын пуужингийн төсөл дээр хөдөлгүүр, туршилтын системийг хариуцан, ерөнхий инженер мэргэжлээр ажиллаж байна.
Ч.Амаржаргал нь Шинжлэх Ухааны Академийн Одон орон Геофизикийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг бөгөөд МАРС-Ви төслийн гишүүн.
Дэлгэрэнгүй мэдээллийг болон илтгэгчдийн : https://www.mongoliacenter.org/vss-18/
|